МЭНДЧИЛГЭЭ
Заяа золтой Завхан сайхан нутгийн хүн ардын эрүүл мэндийг сахин хамгаалах ариун үйлст оюун бодол, авьяас чадвар, хүч хөдөлмөрөө зориулан хоёргүй сэтгэлээр зүтгэж буй эрүүл мэндийн салбарын нийт эмч ажилтнууд, тэдний ар гэрийнхэн, үе үеийн ахмадууд ,эрүүл мэндийн салбарт байнгын дэмжлэг туслалцаа үзүүлэн хамтран ажилладаг нутгийн захиргааны байгууллага, төрийн болон төрийн бус байгууллагууд, аж ахуйн нэгжүүд, олон улсын хандивлагч байгууллагууд, биднийг сэтгэл зүрхээрээ дэмжигч ард иргэддээ чин сэтгэлийн халуун мэндчилгээ дэвшүүлье.
Завхан аймгийн эрүүл мэндийн салбарт төр болон хувийн хэвшлийн 108-н эрүүл мэндийн байгууллагын 1116 эмнэлгийн мэргэжилтэн, албан хаагчид аймгийн 82.5 мянган км.кв нутаг дэвсгэр, 24 сумын 73,231 хүн амд эрүүл мэндийн анхан болон лавлагаа шатлалын тусламж үйлчилгээг үзүүлэн ажиллаж байна.
Эрүүл мэндийн газар нь аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний хэрэгжүүлэгч агентлаг бөгөөд 42 орон тоотойгоор аймгийн эрүүл мэндийн салбарын бодлогыг хэрэгжүүлэн харьяа байгууллагуудыг мэргэжил арга зүйгээр ханган удирдан чиглүүлж ажиллаж байна.
Бид ажлын амжилт ололтоо улам бататган, гаргасан алдаа дутагдалдаа дүгнэлт хийж, “Монгол Улсын Алсын хараа 2050”, “Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлого, Монгол Улсын Засгийн Газрын болон аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр зэрэг бодлогын баримт бичгүүдэд тусгагдсан эрүүл мэндийн зорилтыг ханган хүн ардынхаа эрүүл, урт удаан амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд хүчин чармайлтаа дайчлан ажиллаж байгаа билээ.
Энэхүү цахим хуудсаар дамжуулан мэргэжил нэгт нөхөд, албан байгууллагууд, ард иргэдтэйгээ өдөр бүр уулзаж, мэдээ мэдээллийг цаг алдалгүй хүргэн хамтран ажиллахдаа таатай байх болно.
Завхан аймгийн Эрүүл мэндийн газрын цахим хуудсанд тавтай морилно уу.
Та бүхний ажил, хөдөлмөрт тань өндөр амжилт, эрүүл энх, саруул сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Эрүүл мэндийн газрын дарга М.Үржинханд