МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН, ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН, ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Т.МӨНХСАЙХАН ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАА.

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханаар ахлуулсан ажлын хэсэг 2025 оны 2 дугаар сарын 5-ны өдөр Завхан аймагт ажиллаж аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр, аймгийн удирдлагууд болон эрүүл мэндийн салбарын алба хаагчидтай уулзалт хийж, мэдээлэл солилцов.


Уулзалтын эхэнд аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр аймаг орон нутгийн зүгээс эрүүл мэндийн салбарт хэрэгжүүлж буй ажил, арга хэмжээний талаар мэдээлэл өглөө.  Аймгийн Эрүүл мэндийн газрын дарга М.Үржинханд Эрүүл мэндийн салбарын өнөөгийн нөхцөл байдал, тулгамдсан асуудлыг танилцуулсан бөгөөд Завхан аймгийн хэмжээнд хүн амын эрүүл мэндийн эрсдэлд суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн хамрагдалт 50 хувьтай байгааг онцоллоо.

   

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан салбартаа хэрэгжүүлж буй бодлого шийдвэрээ танилцуулж, ЭМЯ-ны харьяа төрөлжсөн мэргэшлийн эмнэлгүүд болох УНТЭ-ийн Ерөнхий захирал Л.Бямбасүрэн,  УГТЭ-ийн Ерөнхий захирал Ц.Төмөр-Очир, ГССҮТ-ийн Ерөнхий захирал Э.Галбадрах, ЭХЭМҮТ-ийн Ерөнхий захирал Ж.Отгонбаатар, ХСҮТ-ийн эмнэлзүй эрхэлсэн дэд захирал С.Хүрэлсүх, Азийн хөгжлийн банкны зөвлөх А.Батбаяр нар мэдээлэл хийж, Завхан аймгийн хувьд бүх төрлийн хавдрын өвчлөлөөр улсын дундажтай харьцуулахад үзүүлэлт өндөр биш боловч нийт хавдраар өвчлөгсдийн 85 хувь хожуу оношлогдож буйг Хавдар судлалын үндэсний төвийн дэд захирал С.Хүрэлсүх танилцууллаа.

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан эрүүл мэндийн салбарын төвлөрлийг сааруулах бодлогын хүрээнд “Нэг аймаг – Нэг тусламж” үйл ажиллагааны хүрээнд Эх, хүүхдийн тусламж, үйлчилгээг сайжруулах чиглэлээр бүх талаар дэмжин ажиллахаа илэрхийллээ. 

Эрүүл мэндийн салбарын судалгаа тоо баримт дээр тулгуурлан эмнэлгийн ямар тоног төхөөрөмж нэн шаардлагатай байгаа, ямар чиглэлээр боловсон хүчин бэлтгэж, хавдрыг бууруулах оновчтой, зөв төлөвлөлт хийхэд анхаарах, Эрүүл мэндийн сайдын зөвлөх Л.Төмөрбаатар элэгний хавдар, нас баралт өндөр байгаа шинжилгээ, оношилгоонд хамрагдаж чадахгүй байгаа иргэдийг В, С вирусын илрүүлэгт хамруулах ажлыг зохион байгуулах шаардлагатай байна зэрэг санал зөвлөмж гарган орон нутгийн удирдлагуудтай ярилцан хүний нөөц бэлтгэх, тоног төхөөрөмжийн хүчин чадлаа нэмэгдүүлэхэд анхаарах шаардлагатай байгааг Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан үүрэг болгож  аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Б.Санжсүрэн эрүүл мэндийн салбарын хэмжээнд хэрэгжих хөтөлбөрийг батлан дэмжиж ажиллахаа илэрхийллээ

 

Тус ажлын хэсэг аймгийн Нэгдсэн эмнэлэгт ажиллаж, эмч эмнэлгийн мэргэжилтнүүдтэй уулзалт хийж Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан салбарын эдийн засгаа тэлэх бодлого боловсруулж, томоохон мега төслүүдийг хэрэгжүүлж эхэлснээ салбарынхандаа танилцуулав.

Завхан аймгийн хэмжээнд хавдар, зүрх судасны өвчлөл их байгаатай уялдуулан эмч нарыг гадаад болон дотоодод сургах, боловсон хүчин бэлтгэх, тоног төхөөрөмж шинэчлэх тал дээр анхааран, иргэд амьдарч буй орон нутагтаа эмчлүүлж сувилуулах боломжийг бүрдүүлж ажиллана гэлээ.

     


Аймгийн эрүүл мэндийн салбарынхнаас аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмгэг судлалын лабораторийн тоног төхөөрөмж шаардлагатай байгаа, ЭМД-ын тогтолцооны зарим асуудал,  сумдын нарийн мэргэжлийн эмч нарын дутагдал, алсын дуудлагын томилолт бага, эмч нарын нийгмийн асуудлыг шийдвэрлэх хэрэгцээтэй, үйлчлүүлэгчдийн зүгээс ирдэг зүй бус зан авир, шат шатны эмнэлгүүдийн уялдаа холбоо тааруу болон орон нутгийн эмнэлгүүдэд хийх урсгал засварын асуудал зэргийг хөндсөн асуудал дэвшүүлэн хэлэлцэж  Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан Нэгдсэн эмнэлгийн эмгэг судлалын лабораторид 800 сая төгрөгийн тоног төхөөрөмж шийдвэрлэж, орон нутгийн эмнэлгүүд менежментээ зөв боловсруулж, төсвөө нэмэгдүүлснээр олон асуудлыг шийдвэрлэж чадна гэдгийг санууллаа.

 Ажлын хэсгийн дараагийн уулзалт аймгийн Хөгжимт жүжгийн театрт иргэд, төрийн албан хаагч, эрүүл мэндийн салбарынхантай хийх уулзалт байлаа. Уулзалтаар хүүхдийн зүрхний ЭХО-ны сургалтад орон нутгийн Зүрх судасны эмч нарыг сургах, ЗӨСТ, Тосонцэнгэл сумын Мөнхийн алба өрхийн эрүүл мэндийн төвд автомашины асуудлыг шийдвэрлэх, Улиастай сумын Богдын гол багт жишиг Өрхийн эрүүл мэндийн төв бариулах нэн шаардлагатай байгаа, Улсын эмнэлэгт зарим эм, урвалж байхгүйгээс хавдартай иргэд Улаанбаатар хотыг зорьж хувийн хэвшлийн эмнэлэгт өндөр өртөгтэй шинжилгээ хийлгэж байгаад анхаарал хандуулах  зэрэг асуудлаар санал хүсэлтээ илэрхийлэн Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан болон албаны хүмүүс зохих хариултыг өгч, зарим асуудлуудыг газар дээр нь шийдвэрлэн ажиллалаа.

          

Монгол улсын их хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханаар ахлуулсан ажлын хэсэг 2025.02.06-ний өдөр Тосонцэнгэл сумд ажиллан тус сумын Нэгдсэн эмнэлгийн барилгын өргөтгөлийн явцтай танилцаж иргэд, эрүүл мэндийн салбарын ажилчидтай уулзалт хийлээ. Тус сум жишиг шүдний кабинеттай болохоор ажиллаж  эмчилгээ үйлчилгээний үр дүнд хүүхдийн шүдний өвчлөл буурсан үзүүлэлттэй,  2024 онд Нэгдсэн эмнэлгийн дарга Т.Пүрэвдорж анх удаа, суманд нярайн өрцний эвэрхий нөхөх мэс заслыг ЭХЭМҮТ-тэй цахимаар холбогдон амжилттай хийж байсан зэрэг амжилттай ажиллаж байгаад талархал илэрхийллээ. 


Мөн ажлын хэсэг Сонгино, Нөмрөг, Тэлмэн сумдад түргэн тусламжийн бүрэн тоноглогдсон, туулах чадвар сайтай автомашиныг шийдвэрлэж өгсөн ба 2025  онд дахин 5 сумын эмнэлгийг түргэн тусламжийн бүрэн тоноглогдсон автомашинтай болгоно гэлээ. Мөн салбарын шилдэг ажилтнууд, эмч мэргэжилтнүүд төрийн одон медаль, Эрүүл мэндийн тэргүүний ажилтан цол тэмдэг, Эрүүл мэндийн яамны Жуух бичгээр шагнагдлаа