ХӨХҮҮЛ ЭХЭД ЭЭЛТЭЙ АЖЛЫН БАЙРЫГ ДЭМЖИЦГЭЭЕ
Жил бүрийн 8-р сарын 1-7-ны хооронд Эхийн сүүгээр хооллолтыг дэмжих Дэлхийн 7 хоногийг тэмдэглэн өнгөрүүлдэг бөгөөд энэ жил “ХӨХҮҮЛ ЭХЭД ЭЭЛТЭЙ АЖЛЫН БАЙРЫГ ДЭМЖИЦГЭЭЕ" уриа дор тэмдэглэж байна. Манай байгууллага 2023 онд НҮБ-ын Хүүхдийн сангийн тусламжтайгаар "Хүүхэд хөхүүлэх, бага насны хүүхдээ тоглуулах, гэрийн даалгавар хийлгэх" тохилог өрөөтэй болсон ба бусад байгууллага хамт олныг хүүхэд хөхүүлэх, хамгаалах өрөөтэй болохыг уриалж байна. Эхийн сүү нь хүүхдийн эрүүл мэнд, өсөлт хөгжилд юугаар ч орлуулшгүй шим тэжээл болдог бөгөөд насан туршид нь үр өгөөжөө өгч, ирээдүйд эрүүл хүн болж өсөхөд чухал үүрэгтэй.Монгол хүүхдийн тал хувь нь эхийн сүүгээр хооллож чадахгүй байна. 6 сар хүртэлх нялхсын зөвхөн 50 хувь нь эхийн сүүгээр дагнан хооллож байгаа нь 2018 оны судалгаагаар илэрч байна. Өнгөрсөн 10-20 жилийн хугацаанд эхийн сүүгээр дагнан хооллолтын үзүүлэлт 60 орчим хувьтай тогтвортой байсан бол сүүлийн жилүүдэд буурах хандлагатай байна.
Ингэж буурах болсон нь гол төлөв хөхүүл ээжүүд эдийн засгийн нөхцөл байдлаас болж эрт ажилдаа орох, эхийн сүүгээр хооллох дэмжлэг гэр бүл болон ажлын байран дээр дутмаг байх зэрэг шалтгаантай холбоотой.
Тиймээс ажлын байран дээр хөхүүл ээжүүдийг дэмжсэн бодлого зайлшгүй хэрэгцээтэй байна. Энэ нь зөвхөн тухайн ээж, хүүхэд, гэр бүлд төдийгүй нийгэмдээ оруулж буй чухал хөрөнгө оруулалт юм.
Монгол эмэгтэйчүүдийн 49% нь ажил хөдөлмөр эрхэлж байна. Эмэгтэйчүүд хүүхдээ эхийн сүүгээр хооллох, ажил эрхлэх хоёрын аль нэгийг нь сонгох шаардлага гарах учиргүй. Ажлын байр, салбар, ажиллах гэрээний төрлөөс үл хамааран хүүхдийг эхийн сүүгээр хооллоход дэмжлэг үзүүлэх боломжтой. https://fb.watch/m8irBzCWZn/