Эмгэнэл илэрхийлье.

Завхан аймгийн Эрүүлийг хамгаалах газрын даргаар ажиллаж байсан салбартаа “Ээнээ дарга” хэмээн хүндлэгдсэн эрхэм удирдагч БУДЖАВЫН ЭНЭБИШ дарга маань 2021 оны 02 сарын 02-ны өдөр ертөнцийн мөнх бусыг үзүүлж, эрүүл мэндийн салбарт нөхөж барамгүй хүнд гарз тохиолоо. Тэрээр 1945 онд Завхан аймгийн Алдархаан суманд төрсөн. 1967 онд АУДэС–ийн эмчилгээний факультетад элсэн орж 1972 онд онц дүнтэй төгсөж хүний их эмчийн мэргэжил эзэмшин 1975 онд хүүхдийн эмчийн дээшлүүлэх курст суралцан Хүүхдийн эмчээр мэргэшсэн. Анагаах ухааны магистр, Эрүүл мэндийн удирдлагын зөвлөх, Байгалийн голомтот халдварт өвчин судлалын үндэсний төвийн хүндэт профессор. 1972-1979 онд Завхан аймгийн Алдархаан, Дөрвөлжин сумын хүн эмнэлгийн салбарын эрхлэгч,1979-1990 онд Эрүүлийг хамгаалах газрын дарга, 1990-1993 Гоц аюулт халдварт өвчний эсэргүүцэн судлах газарт Халдвар судлагч их эмч, 1993-1997 онд Нэгдсэн эмнэлгийн дарга, 1997-2000 онд Улаан загалмайн хорооны дарга, 2000-2011 онд Байгалийн голомтот халдварт өвчнийг эсэргүүцэн судлах газрын даргаар тус тус ажиллаж. Ажиллах хугацаандаа Тосонцэнгэлд хотод 50 ортой эмнэлэг, Улиастай хотод 120 ортой хүүхдийн эмнэлгийн барилга тус тус бариулан ашиглалтад оруулсан байна. 1987–1988 онд гэдэсний халдварт өвчин болон халдварт гепатит өвчинг улс аймгийн дунджаас 2–3 дахин багасгажээ. Мөн хөдөөгийн хүн амд үзүүлэх эмнэлгийн нарийн мэргэжлийн тусламжийг ойртуулах зорилгоор нүүдлийн 5 авто амбулаторийг ажиллуулсан, Нэгдсэн эмнэлэгт “Сэхээн амьдруулах эрчимт эмчилгээний нэгдсэн тасаг” байгуулсан, “Захиалгат үйлчилгээ” нэвтрүүлсэн, Өрхийн эмнэлгийг анх санаачилан байгуулсан зэрэг үе шаттай нэгэн чигт томоохон бодлого бүтээлч ажлынхаа үр дүнд аймгийн Нэгдсэн эмнэлгийг “Хүүхдэд ээлтэй эмнэлэг” болгож байсан. Б.Энэбиш дарга үндсэн ажлынхаа зэрэгцээ аймгийн Улаан загалмайн хорооны нарийн бичгийн даргаас даргын албан хавсран ажиллаж “Зуд–2000”, “Зуд–2003” төслийг хэрэгжүүлэн орон нутагтаа 1,5 тэрбум төгрөгийн буцалтгүй тусламжийг авч иргэдэд хүргэсэн. Б.Энэбиш дарга 2000 оноос БГХӨТ газрын даргаар ажиллаж байхдаа эвсэг хамт олныг бүрдүүлэн, Тарваган тахлаар хүн өвчилсөн 20 шахам тохиолдлыг тухай бүр шуурхай зохион байгуулсан.Тэрээр ЗӨСТ-ийн контор–лабораторийн 2 давхар барилгын ажлыг санаачилж 2009 онд ашиглалтад оруулан тохижуулснаар сүүлийн үеийн лабораторийн тоног төхөөрөмжөөр хангагдаж авто машины парк шинэчлэлтийг удаа дараа хийж байсан. Б.Энэбиш даргын Эрүүл мэндийн салбарт он удаан жил үр бүтээлтэй тогтвор суурьшилтай ажилласан хөдөлмөрийг үнэлж төр засгаас 6,7,8-р таван жилийн гавшгайч, Ардын хувьсгалын 60,70,80 жилийн ойн медаль, Байгалийн Голомтот Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төвийн “Хүндэт тэмдэг”, Эрүүлийг хамгаалахын “Жуух бичиг”, “Тэргүүний ажилтан”, Монголын Улаан загалмай нийгэмлэгийн “Тэргүүний ажилтан”, Монгол улсын төрийн дээд шагнал “Алтан гадас” одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон 2 удаа /2009, 2015он/, БГХӨСҮТөвийн “Хүндэт профессор” цолоор тус тус шагнагдсан. 2006 онд БГХӨСҮТөвийн дээд шагнал болох “Хүндэт дэвтэрт” бичигдэж байсан ба тэрхүү дэвтэрт (Б.Энэбиш нь Эрүүл мэндийн байгууллагад их эмчээс удирдлагын менежер болтлоо олон жил үр бүтээлтэй ажиллаж, мянга мянган хүний амь нас, эрүүл мэндийн төлөө бүхий л амьдрал, оюун ухаан, хүч мэдлэгээ зориулан шилдэг зохион байгуулагч, чадварлаг эмч болохоо олон нийтэд харуулсан. “ЭРХЭМ ЭМЧ” таны ажлын амжилтыг өндрөөр үнэлж байгууллагынхаа “Хүндэт дэвтэр”-т бичиж алдаршууллаа) хэмээн бичиж ”Гэрчилгээ” хадгалуулсан байдаг. Б.Энэбиш даргынхаа туулж өнгөрүүлсэн амьдрал, зан чанар, ажил хөдөлмөрийн түүхэн замнал, сайн үйлсээр Эрүүл мэндийн салбарын хамт олон бид бахархан харуусаж байна. Таны авьяас билэг, мятаршгүй зүтгэл, шинийг санаачлагч, бүтээлч сэтгэлгээ, аймгийн төдийгүй улс орны эрүүл мэндийн салбарын чадавхийг бий болгоход гаргасан хүчин чармайлт, хувь нэмэр, эелдэг даруу, ажилсаг, нөхөрсөг зан чанар бидний зүрх сэтгэлд үүрд мөнхрөн үлдэж, эрүүл мэндийн салбарт тодоос тод гэрэлтэж байх болно. Ум сайн амгалан болтугай Завхан аймгийн Эрүүл мэндийн газар, Зоонозын өвчин судлалын төв, Тосонцэнгэлийн Нэгдсэн эмнэлэг, Сум, өрх, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага, Улаан загалмайн хорооны хамт олноос түүний Хань, үр хүүхэд, төрөл төрөгсөд, найз нөхдөд нь гүн эмгэнэл илэрхийлье.