Давс ба эрүүл мэнд

Монгол улс “Давс ба эрүүл мэнд” Дэлхийн хөдөлгөөнд 2012 онд нэгдэн орж “Давсны мэдээлэл сурталчилгааны 7 хоног” компанит ажлыг жил бүрийн 3 дугаар сарын сүүлийн долоо хоногт тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ жил “ДАВСЫГ ХООЛНЫ ЦЭСНЭЭС ХАСЪЯ!” Уриан дор 2019 оны 3.25-4.03-ний хооронд зохион байгуулж байна.

Тэмдэглэлт өдрийн хүрээнд Завхан аймгийн Эрүүл мэндийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Хүнс хөдөө аж ахуйн газар хамтран нийтийн хоол хүнс үйлдвэрлэгч аж ахуй нэгж,хүнсний үйлдвэр, их дээд сургууль, цэцэрлэгийн эрхлэгч, эмч, тогооч, технологич нийт 36 төлөөлөл нарт “ДАВСЫГ ХООЛНЫ ЦЭСНЭЭС ХАСЪЯ!” сэдэвт сургалтыг зохион байгууллаа. Сургалтад АЗДТГ-ын мэргэжилтэн М.Саранчимэг, Эрүүл мэндийн газрын халдварт бус өвчин хариуцсан мэргэжилтэн Ц.Тэгшжаргал, Аймгийн Нэгдсэн эмнэлгийн Гастроэнтерологи, хоолзүйч эмч Ж.Долгорсүрэн, Стандарт хэмжилзүйн газрын мэргэжилтэн Б.Тунгалагтуяа нар хамтран ажиллаа.


Монгол улсын хүн амын нийт нас баралтын 77 хувийг халдварт бус өвчин эзэлж буй дэлхийн хүн амын халдварт бус өвчнөөс шалтгаалсан нас баралтаас 6 пунктээр өндөр байгаа ба 15-64 насны 3 хүн тутмын нэг 70 нас хүрэхээсээ өмнө зүрх судасны өвчин, чихрийн шижин, амьсгалын замын архаг өвчин болон хорт хавдрын аль нэгээс шалтгаалан нас барах эрсдэлтэй байна.


Насанд хүрсэн 10 хүн тутмын найм нь хоногт 5 граммаас их /дунджаар 11 г/ давс хэрэглэж байна. Үйлдвэрийн аргаар боловсруулсан хүнсний 83.6 хувь, хоол үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний 81.6 хувь нь “хэт их давстай” байна.


Нэгдсэн Үндэстний байгууллагын “2030 он хүртэлх Тогтвортой хөгжлийн зорилт”-д 2025 гэхэд дэлхийн хүн амын давсны хэрэглээг 30 хувь бууруулахаар, Монгол Улсын “Давсны хэрэглээг бууруулах үндэсний стратеги/2015-2025/”-д хүн амын давсны хэрэглээг 2025 он гэхэд 2013 оны түвшингээс 30 хувиар, үйлдвэрийн аргаар боловсруулсан хүнс болон хоолны давсны агууламжийг 40 хувиар бууруулахаар тус тус заасан байдаг.

Иймд давсны зохистой хэрэглээний талаарх мэдлэгийг дээшлүүлэх замаар давс багатай бүтээгдэхүүний үйлдвэрлэл хэрэглээг нэмэгдүүлэхэд төр, хувийн хэвшлийн байгууллага, хүнс болон хоол үйлдвэрлэгчид, иргэдийн хамтын оролцоо нэн чухал байна.